Залуус Солонгос явж ажил хийгээд орон сууцны мөнгөтэй болно гэж ярьдаг. Заавал Солонгос явах хэрэгтэй гэж үү?
Монголд хийх ажил маш их байна. Улаанбаатарын дагуул хотуудыг байгуулах, зам тавих, уул уурхай эзэмших, байгалийн нөхөн сэргээлт хийх гээд олон ажлыг энд тоочин нэрлэж болно. Монголын бодит асуудал бол - ажлын зар их байвч мэргэжлийн ур чадвартай хүн олдохгүй байна. Ажилчдын чадвар, хөдөлмөрийн бүтээмж бага учир цалин бага байна.
Улаанбаатарын барилга дээр хятад ажилчид олноор ажиллаж байна. Цаашид ч улам нэмэгдэх хандлагатай. Уул уурхайн хүнд машин механизмын оператор, гагнуурчин, цахилгаанчин олдохгүй байна. Сарын нэг сая төгрөг, илүү цалинтай ажлын байруудыг гадаадын ажиллах хүчээр нөхөж байна.
Монголд ажил олдохгүй биш харин мэргэжил, чадвартай хүн олдохгүй байна. Яагаад гэвэл бид хөгжил, их бүтээн байгуулалт, үйлдвэр их ярьдаг ч мэргэжлийн ажилчин бэлтгэх асуудлаа шийдвэрлэж чадсангүй.
Мэргэжлийн ажилчин бэлтгэх нэг арга зам бол Инженерийн гэрээт цэргийн албыг эрчимтэй хөгжүүлэх явдал юм. Үүний тулд хугацаат цэргийн албыг хоёр жилийн гэрээт цэргийн алба болгон өргөжүүлэх хэрэгтэй. Хоёр жилийн хугацаанд эрэгтэй, эмэгтэй залууст техникийн мэргэжил, чадварыг маш сайн зохион байгуулалт, эрчтэйгээр олгож болно. Хоёр жилийн гэрээт цэргийн алба залуусыг сахилга баттай, бие бялдрын хувьд эрүүл, мэргэжилтэй болгож төлөвшүүлнэ.
Гэрээт цэргийн алба хаасан залуустай 5 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж барилга, дэд бүтцийн хөгжил, байгалийн нөхөн сэргээлтийн салбарт ажиллуулна. Тэднийг орон сууцны зээлд бүрэн хамруулна. Тэд бол мэргэжилтэй, тогтмол орлоготой, эрч хүчтэй залуу хүмүүс учир зээлээ барагдуулах бүрэн бололцоотой.
5 жилийн дараа тэд өөрсдийн хүслээр гэрээгээ сунгаж, эсвэл өөр ажилд шилжин ажиллана. Нэгэнт мэргэжил чадвар эзэмшиж, гэр бүлийнхээ амьдралыг авч явах бололцоотой болсон залуус улам л цаашаа явах нь гарцаагүй.
Монголын барилга, зам, дэд бүтэц, байгалийн нөхөн сэргээлтийн томоохон ажлуудын хэрэгцээ нь хүндрэл биш, харин хөгжлийн шинэ боломж болох ёстой. Хүнээ хөгжүүлэх, улс орноо хөгжүүлэх нь нэг л зорилт билээ.
Баялгийг гардан бүтээгч мэргэжилтэй, чадвартай ажилчин хүн конторт суугаа хүнээс дутахгүй (илүү) цалин, орлоготой болсон цагт Монголд хөдөмөрийг үнэлэх нийгмийн цоо шинэ үнэлэмж бий болно. Энэ нь харин Монголын хөгжлийн жинхэнэ хөдөлгөгч хүч болох болов уу.